Monday, February 21, 2011

Blake Griffin шинэ аварга, шинэ үе



Бүх оддын тоглолтын үеэр болдог уламжлалт тэмцээнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон байгаа. Баасан гаригийн үдэш Оддын тоглолт болон Rookie Challenge тэмцээн болж, үзэгчдийг шуугиулсан бол бямба гари­гийн үдэш /Монголын цагаар өчиг­дөр өглөө/ Холын зайн шидэлт, Ур чад­варын тэмцээн, Гурвын зайн ши­дэл­т­ийн болон Слэм данк гээд саг­сан бөмбөг сонирхогчдыг уулга алдуул­сан гайхалтай тэмцээнүүд боллоо.
Жил бүр дуулиан шуугиан да­гуул­даг тэмцээний энэ жилийн онцлог нь оролцогч бүр өөрсдийн дасгалжуулагчтай байсанд оршино. Тус тэмцээний аваргаар энэ жил шилдэг рүүки шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай Блейк Гриффин тодорсон. Тэрбээр шигшээ шатанд нийслэлийн багийн төв Жавэйл МакГийтай өрсөлдсөн бөгөөд эхний шатанд хоёр цагаригт зэрэг довтолж, дараа нь гурван бөмбөгөөр зэрэг слэм данк хийсэн МакГийн санаачилга, бүтээлч хөдөлмөрийг эцсийн шатанд үгүй хийсэн юм. Гриффин сүүлийн шатны эхний оролдлого хийх тоглогч байсан бөгөөд тэрбээр эхний үзүүлбэрээрээ компьютерийн тоглоом дээр л харж байсан гайхалтай үзүүлбэр хийв. Өөрөө самбарт ойлгоод, маш өндөрт үсрэн тохойгоо цагаригт угласан нь гайхалтай үзүүлбэрийн нэгт багтахаас аргагүй байв. Харин МакГий түүний хариуд алдарт Доктор Жей, агуу Майкл Жордан нарын хийдэг үзүүлбэрийг самбар доогуур гарч хийн баяжуулж чадсан юм. Харин Гриффин тус тэмцээний түүхэнд хамгийн анх удаа талбайд машин оруулж ирэн, мөн найрал дууны хамтлаг гаргаж ирэн үзүүлбэрээ хийлээ. Багийн анд Барон Дэвис нь машин дотроос дамжуулалт өгөхөд Гриффин машины хамар дээгүүр дүүлэн цагаригт довтолж чадсан юм. Түүний энэ санаа өрсөлдөгчид нь дарамт болсон нь илт харагдсан бөгөөд МакГий сүүлийн бэлдсэн үзүүлбэрээ хийлгүй энгийн үзүүлбэр сонгосон байв. Ингээд үзэгчдийн саналаар Гриффин аварга боллоо. Түүний дасгалжуулагчаар ажилласан Кенни Смитийн хэлж байсанчлан энэ залууд чадахгүй үзүүлбэр байхгүй юм байна. Ийнхүү цагариган дээрээс довтлох тэмцээний шинэ эрин ирж, шинэ аварга төрлөө. 

No comments:

Post a Comment