Спорт



 

2018 онд Москвад уулзая!!!

 2018 онд Москвад уулзая!!!


Швейцарийн Цюрих хотноо өчигдөр хүн төрөлхтний спортын хамгийн том баяр наадмуудын нэг ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНийг 2018 онд зохион байгуулах орныг тодруулах үйл ажиллагаа явагдлаа. Нийт нэр дэвшсэн орон тус тусын онцлогийг харуулсан танилцуулга бичлэгийг үзүүлэн, илтгэл тавьсны дараа ОУХХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн 22 гишүүн саналаа өгсөн юм.

Энэхүү санал асуулгын дүнг  ОУХХ-ны ерөнхийлөгч З.Блаттер танилцуулсан бөгөөд манай хойд хөрш ОХУ олонхийн саналаар 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах боллоо. Тэд Англи, Испани, Португал, Голланд, Бельги улсуудыг буулгаж аван ийнхүү эрхтэй болж байна.

ОХУ 2013 он гэхэд бүх ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг тэмцээнд зориулан 10 орчим тэрбум долларыг зарцуулах боломжтойгоо Ерөнхий Сайд В.Путин мэдэгдээд байсан. Засгийн газрын бүрэн дэмжлэг бүхий Орос улс Москва, Санкт Петербург, Подольск, Казань, Ярослав, Нижны Новгород, Самара, Сочи, Екатеринбург хотуудад тэмцээнийг зохион байгуулах бөгөөд нийт 5 цэнгэлдэх хүрээлэн шинээр байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Тэд Г.Хиддинкээр нэрийн хуудсаа хийж, ногоон тэмцээнийг санал болгож байсан Голланд/Бельгийг, аялал жуулчлалын төв, ашиг авчрах хамгийн боломжит сонголт хэмэж байсан Испани/Португалийг, хөлбөмбөгийн эх орон мөртлөө 44 жилийн өмнө ДАШТ ганцхан удаа зохион байгуулсан хэмээн гомдоллох, Д.Бекхэм, Хунтайж Уильмсаар тэргүүлүүлсэн Английг ОХУ ялж ийнхүү Зүүн Европт анх удаа зохион байгуулах эрх авлаа.

2018 онд Орост уулзацгаая, бөөнөөрөө хамтдаа бүгдээрээ хөлбөмбөгийн гайхамшгийг мэдэрцгээе.